Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Усны үнэ, тариф

Монгол орны хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэглээг тогтвортой хангах, үр ашигтай болгох асуудал нь усны салбарын хамгийн гол зорилго билээ. Энэхүү тогтвортой, үр ашигтай байдлыг хангах орчин бүрдүүлж, хэрэгжүүлэх арга хэрэгслийг бий болгоход усны бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа чиглэгдэнэ.

Усны зөв зохистой үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэхэд усны үнэ, тарифын асуудал чухал юм. Усны үнэ, тариф нь ус ашиглалтыг ухаалаг, оновчтой болгох, усны нөөцийг зохистой хуваарилах, уснаас олох орлогын хуваарилалтыг орлого багатай иргэдэд тустай байхаар зохион байгуулах гол хөшүүрэг болдог.

Усны үнийг нэмэх нь эдийн засгийн ач холбогдолтой боловч нийгмийн хувьд эмзэг асуудал бөгөөд орлого багатай иргэдийн усны хэрэглээг багасгах, улмаар эрүүл мэндээр хохирох явдал гарах нь бий. Үүний зэрэгцээ усыг шавхагдашгүй, мөнхийн, үнэ төлбөргүй, байгалиас бэлэг болгон барьсан зүйл гэх мэт хуучирсан сэтгэлгээтэй бид өдөр тутмын амьдралд тулгарч байна. Хэрэглэсний хэрээр төлбөрөө төлдөг зарчимд шилжиж байгаа өнөө үед дээрх сэтгэлгээг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс усны нөөцийн менежментийг боловсронгуй болгох, ус ашиглалтыг оновчтой зохицуулах гол арга бол усны бодит үнэ, тарифыг тогтоох, зохицуулах асуудал юм.

 

УСНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НОГДУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

Усны тухай хуулийн дагуу усны хэрэглээг зориулалтаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:

- “Ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг;

- “Ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг;

Ус хэрэглэгчид нь усны ҮЙЛЧИЛГЭЭНИЙ төлбөр, ус ашиглагчид нь усны нөөц АШИГЛАСНЫ төлбөр төлдөг.

Ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагууд нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 28.11;  29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтуудын дагуу  ус ашиглуулах дүгнэлт гаргуулан, зөвшөөрөл авч гэрээ байгуулснаар ус ашиглах эрх үүснэ.

Уг дүгнэлтэнд Байгаль орчны Сайдын 1995 оны 153 дугаар тушаалаар батлагдсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах ус хэрэглээний түр норм”-ыг үндэслэн тухайн байгууллагын хоногийн усны хэрэглээг тооцож,  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 302 дугаар, 2013 оны “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар, “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг өөрчлөн батлах тухай” 327 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Усны нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байна.

Тухайн ногдуулсан төлбөрийг Төсвийн тухай хуулийн 23.6.5-д заасны дагуу үйлдвэрийн зориулалтаар ашигласан усны нөөцийн төлбөрийг аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг.

Төвлөрсөн  төлбөрийн орлогын 55 хувийг “Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу ус рашааны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан улсын төсвөөс нэгдсэн журмаар зарцуулна. 

Татах холбоос:

- Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 302 дугаар тогтоол;

- Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоол;

- Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг өөрчлөн батлах тухай” 327 дугаар тогтоол;