Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Хүн ам

Хүн ам 

Засаг захиргааны хувьд авч үзвэл, сав газарт Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудын 37 сум (Зуунмод хотыг оролцуулаад) оршиж байгаагаас 19 сумын төв, 8 сум бүхлээрээ, 29 сум хэсэгчлэн багтаж байна. Түүнчлэн 5 аймгийн 84 баг болон Улаанбаатар хотын 7 дүүргийн 126 хороо тус сав газарт хамаардаг.

2010 онд Туул голын сав газарт хамаарах аймаг, сумдад 1191.9 мянган хүн оршин сууж байгаа нь Монгол улсын нийт хүн амын 42.8 хувь юм. Үүнээс 95.7 хувь нь нийслэл, аймгийн төвийн, 1.6 хувь нь сумын төвийн, 2.6 хувь нь хөдөөгийн иргэд байна. Хот суурин газрын хүн амын эзлэх хувийн жин өндөр байгаа нь тус сав газарт улсын нийслэл Улаанбаатар хот байрладагтай холбоотой.

Сүүлийн жилүүдэд сав газрын хүн ам дунджаар 3.4-4.6 хувь өссөн нь улсын дунджаас 1.8-2.7 дахин өндөр бөгөөд энэ нь нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнөөс голлон шалтгаалжээ.

2010 оны байдлаар хүн амын 52.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ба төрөх үеийн хүйсийн харьцаагаар 100 эмэгтэй хүүхдэд ноогдох эрэгтэй хүүхдийн тоо давамгайлдаг боловч насны түвшин ахих тусам энэ үзүүлэлт буурдаг ажээ.

hun amТухайн оны байдлаар хүн амын тоог насны бүлгээр авч үзвэл, 67.1 хувийг хөдөлмөрийн насныхан эзэлж байгаа нь хөдөлмөрийн нөөц өндрийг харуулж байна.

Сав газрын хүн амын 6.1 хувийг 60-аас дээш насныхан, 26.8 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байв. Хүн ам зүйн ачаалал Туул голын сав газарт орших аймаг, сумдын дунджаар 49.0 хувь байна. Энэ үзүүлэлт хүүхэд болон өндөр настны тоог хөдөлмөрийн насны хүний тоонд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгддэг ба өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны 100 хүн бүрд хөдөлмөрийн бус насны 49 хүн ногдож байгаагийн 40 нь хүүхэд, 9 нь өндөр настан ажээ.

Хүн амын суурьшил

Сав газарт улсын нийслэл Улаанбаатар хот байрладгаас хүн амын төвлөрөл өндөр юм. Энд дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ сайн хөгжсөн, бусад бүс нутгийг бодвол ажлын байр их зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хотжилтын үйл явц эрчимтэй явагдаж байна.

Сав газрын хүн амд хотын хүн амын эзлэх хувийн жин өндөр буюу 95.7 хувь юм. Хот, сумын төв, суурин газрын хүн ам нийт 97.4 хувь буюу 1160.7 мян.хүн байна. Үүнээс 1125.4 мянга нь Улаанбаатар хот, 15.3 мянга нь Зуунмод хот, 20.0 мянга нь сумын төв, суурин газрын иргэд байна.

hun amiin suurishil

Улаанбаатар хотын хүн ам

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан гэсэн 7 дүүрэг тус сав газарт хамаардаг бөгөөд эдгээрээс СХД-ийн Жаргалант тосгон Хараа голын сав газарт ордог байна. 2010 онд Улаанбаатар хотын суурин хүн ам 1151.5 мянгад хүрч, улсын нийт хүн амын 41.4 хувийг эзэлжээ. Үүнээс 1125.4 мянган хүн буюу 97.7 хувь нь Туул голын сав газарт байна. Энэ нь сав газрын нийт хүн амын 94.7 хувь юм.

Нийслэлийн хүн амын 22.9 хувь Баянзүрх, 21.7 хувь Сонгинохайрхан, 15.9 хувь Баянгол, 12.7 хувь Чингэлтэй, 11.8 хувь Сүхбаатар, 9.6 хувь Хан-Уул, 2.7 хувь Налайх, үлдэх 2.6 хувь Багануур, Багахангай дүүрэгт тус тус амьдарч байна. 2010 оны статистикийн мэдээгээр тус сав газарт хамрагдаж буй дүүргүүдээс хүн амын нягтшил хамгийн өндөртэйд Баянгол (6277 хүн/км2), Чингэлтэй (1651 хүн/км2), хамгийн багад Налайх (46 хүн /км2) дүүрэг тус тус орж байна.

 

Туул голын сав газрын айл, өрх

Тус сав газарт 2008 оны байдлаар 260.7 мянган өрх буюу улсын нийт өрхийн 38.5 хувь байсан бол 2010 онд 303.8 мянга болж өссөн нь улсын нийт өрхийн 40.9 хувь болжээ. Сав газрын нийт өрхийн 93.6 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна. Нэг өрхийн дундаж ам бүл 3.9 хүн байсан нь улсын дунджаас (3.7) өндөр үзүүлэлт бөгөөд Улаанбаатар хотынх хамгийн өндөр буюу нэг өрх дунджаар ам бүл 4 хүнтэй байв.